Ангиа яаж тохижуулах вэ?
Тухайн цэцэрлэг ямар үзэл санаа (ардын сурган хүмүүжүүлэх ухаан, монтессори, рижжио гэх мэт)-г эрхэмлэн ажиллаж байна вэ гэдгээс хамааран цэцэрлэгийн ангиудын тохижилт, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн өөр өөр байх нь мэдээж. Гэвч нийтлэг байдлаар анхаарах зарим зүйл бас бий.
Ангийн орон зай
Өрөө нь хүүхэд, тэдний үйл ажиллагаа, багш, ажилтанд зориулсан хангалттай зай байх ёстой. Нэг хүүхдэд ямар зай талбай ногдох ёстойг дүрэм журмаар зохицуулсан байдаг. Энэ нь зөвхөн хамгийн наад захын шаардлага бөгөөд үүнийг ямагт ийм байна гэж ойлгож болохгүй. Гэхдээ хэт их зай талбай нь хүүхэд бусадтай харилцах боломж муутай, хэт бага талбайтай бол хүүхдийн хөдөлгөөнд саадтайн дээр тэд бие биедээ саад учруулдаг.
Багш байгаа орон зайгаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэг асуулттай тулгардаг. Задгай орон зай нь хүүхдийг чөлөөтэй гүйж харайхад түлхэц өгдөг бол хэт олон хил хязгаар, тавилга нь биеэ барихад хүргэдэг. Тиймээс зөв тэнцвэрийг олох нь чухал юм. Энэ асуудлыг шийдэх чухал шийдэл бол янз бүрийн үйл ажиллагаанд хялбархан өөрчилж болох уян хатан тавилга юм.
Ерөнхийдөө ангид хүүхэд гэр бүлээс болон бусад орчноос олж авсан мэдлэг, туршлага, өөрийн төсөөллөө харуулах сэдэвт тоглоомын томоохон зай талбай, тав тухтай номын төв, барьж байгуулах, зохион бүтээх тоглоомын талбай зайлшгүй байна. Мөн угаалтуурын ойролцоо бүтээлчээр ажиллах дүрслэх урлагийн төв, магадгүй бас элс, усаар тоглох орчин байна. Түүнчлэн хүүхдэд хөгжим, хөдөлгөөний үйл ажиллагаа гүйцэтгэх зай талбай шаардлагатай бөгөөд үүнийг тэд шалан дээр чөлөөт талбайд гүйцэтгэж болно.
Уян хатан байдал
Өрөөг ашиглахдаа хүүхдийн янз бүрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж болохуйц байхад онцгой анхаарах шаардлагатай. Ийм уян хатан байдлыг бий болгосноор багш дараах асуудлуудыг шийдэх боломжтой.
- Ангийнхаа хэмжээг янз бүр болгох
- Өөр өөр насны хүүхэдтэй ажиллах
- Ангийнхаа зохион байгуулалтыг хүүхдүүдийн саналын дагуу өөрчлөх
- Багш солигдоход өөрийнхөөрөө зохион байгуулах
- Шинэ сэдэв дээр ажиллахад тохируулан өөрчлөх
- Төвүүдийн үүрэг, тэнд явагдах үйл ажиллагааг өөрчлөх
Байнга байдаг суурилуулсан шүүгээнүүд нь өрөөний зохион байгуулалтыг өөрчлөхөд саад болохоос гадна хүүхдийн тоглох талбайг багасгадаг. Тиймээс ихэнх багш тоглоомын талбайн хил хязгаарыг бий болгоход хөдөлгөөнт шүүгээг илүүд үздэг бөгөөд түүнд шаардлагатай материалыг нь хадгалж болдог.
Зай талбайн зориулалт
Хүүхдүүдийн сурч боловсрох, төлөвших, сайн сайхан байхын эх сурвалж нь тэдний тоглоомын талбайг сайтар төлөвлөхөөс эхэлнэ. Үүнд ангийн доторх тоглоомын талбайгаас гадна гадаа талбай бас хамрагдана. Гадаа тоглоомын талбай нь цаг агаарын байдлаас үл хамааран биеийн хөдөлгөөн (том булчингуудын хөгжил)-ийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай. Бага насны хүүхэд чимээ шуугиан үүсгэж, нааш цааш гүйлдэн идэвхтэй хөдөлгөөнтэй байх дуртай. Иймд ангийн өрөөнүүд нь гадаа тоглоомын талбайтай шууд холбогдсон байвал тун сайн. Ариун цэврийн өрөө, хувцас солих газар нь гаднаас болон дотроос хялбархан нэвтрэн орж, хэрэглэх боломжтой байвал зохино.
Хүүхдэд зориулсан үзэсгэлэнгийн талбай нь боловсролын байгууллагуудад зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнд цэцэрлэгүүд гол төлөв хананы орон зайг ашиглаж, үнэ цэнэтэй болгодог. Хүүхдүүд өөрсдийнхөө урлагийн бүтээлийг анхаарч байгааг харах нь тэндэнд эерэгээр нөлөөлдөг. Хараагаар хүртсэн баримт материал (жишээ нь, бүтээлч ажлын гэрэл зураг) нь хүүхдийн танин мэдэхүйн үйл явцыг бэхжүүлж, өргөжүүлдэг.
Бага насныханд аюулгүй байдал, бас адал явдалтай, сониохолтой орчин хэрэгтэй. Тэдэнд тусгай хэрэгцээ, сурах арга барил байдаг. Үүнийг эхнээс нь анхаарч үзэх шаардлагатай бөгөөд хүрээлэн буй орчин нь тэдэнд тус, заримдаа бас саад болдог. Тэд бие бялдар, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хувьд асар их бүтээлч хүч чадалтай байдаг бөгөөд үүнд орон зай олгох нь чухал юм. Иймд архитектор, тавилга хэрэгсэл үйлдвэрлэгч болон сурган хүмүүжүүлэгчид тэдний бүх талын хөгжилд эерэгээр нөлөөлөх орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай.
Манай цэцэрлэгүүдийн зарим жишээ
Баянхонгор аймгийн 9 дүгээр цэцэрлэг. Коридорт хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн орчин байгуулсан нь.
Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэг
Нийслэлийн Хан-Уул дүүрэг. "Миний гэр" цэцэрлэг
Сүхбаатар аймгийн 8 дугаар цэцэрлэг
Төв аймгийн цэцэрлэг
Гадны цэцэрлэгүүдийн зарим жишээ
Эх сурвалж: https://www.communityplaythings.de/ressourcen-und-support/artikel/gelung...
Эх сурвалж: https://www.inakindergarten.de/blog/2020/08/raumgestaltung-in-der-kita-kinder-entscheiden-mit
Эх сурвалж: https://www.betzold.de/blog/schlafkonzepte-kindergarten/
Эх сурвалж: https://www.communityplaythings.de/ressourcen-und-support/artikel/built-in-vs-freestanding-furniture
Эх сурвалж: https://www.kita-scharmede.de/Unsere-KiTa/Raeume-und-Spielbereiche/
Эх сурвалж: https://www.awo-family.de/kindertagesstaetten/griesheim/kita-regenbogen/
Н.Норжхорлоо