Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан (төгсгөл)

 

Суралцах, боловсрох

Рижжио дахь орон нутгийн цэцэрлэгүүдийг “Багачуулын сургууль” гэж нэрлэдэг. Энэхүү нэр нь тэндхийн цэцэрлэгүүд хүүхдийг асрах үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүдээс ялгаатай, мөн нөгөө талаасаа сургуулийн адил сургадаг цэцэрлэгүүдээс ялгаатай болохыг илэрхийлнэ. Цэцэрлэг бол хүүхдүүдийн зүгээр нэг байдаг газар биш, тэнд хүүхдүүд суралцах, боловсрох ёстой. Гэхдээ энэ нь бидний “сургууль” гэсэн уламжлалт ойлголтоос ялгаатай. Сургууль биш, бас асардаг газар биш гэсэн энэ хоёр шаардлагыг тэд хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

Суралцахуйн зорилго нь бэлэн мэдлэгийг дамжуулж хадгалуулахад оршдоггүй. Хүүхдийн оюун ухаан бол Фрэнэгийн хэлснээр янз бүрийн зүйлээр дүүргэж хадгалах сав биш, харин цучил нэмж байх ёстой гал дөл юм. Мэдлэг шинээр бүтээгдэх замаар хүүхэд аливаа зүйлийг ойлгож, мэдэж авна. Цэцэрлэг бол хүүхэд аливааг судлах, ургуулан асуулт тавих, хянан үзэх тийм газар байна. Хамгийн гол зорилго нь хүүхдэд суралцах сонирхол-баяр баясгаланг бий болгоход оршино. Энэ зорилгод суралцахуй бол идэвхгүй үйл бус, хүүхэд бусад хүүхэд болон томчуудтай харилцан ярилцах явцдаа мэдлэг бүтээх идэвхтэй үйл явц гэсэн санаа агуулагддаг.

Суралцахуйн зорилго нь хүүхдэд суралцах

сонирхол-баяр баясгаланг бий болгоход оршино.

Суралцахуй бол хүүхдийн сониуч байдалд тулгуурласан тэднийг чиглүүлэх үйл ажиллагаа бөгөөд энэ явцад тэдний таамаглалыг шалгаж, мэдээллийг өмнө эзэмшсэн мэдлэгийн бүтцэд цэгцлэн оруулна. Хүүхэд хорвоо ертөнцтэй өөрөө бие даан танилцах олон янзын арга ухаантай байдаг. Эзэмшихүйн гол элементүүд бол хүүхэд орчноо идэвхтэйгээр хүртэх, эд зүйлстэй чөлөөтэй харьцах, харилцан ярилцаж эрэгцүүлэн бодох юм. Рижжиочуудын үзэж байгаагаар эд зүйлсийн сонголт бол эзэмшихүйн үйл явцтай харьцуулахад төдийлөн шийдвэрлэх нөлөөтэй бус ажээ. Үйл явц хэдийчинээ эрч хүчтэй явагдаж байвал төдий чинээгээр  суралцахуйн амжилтад нөлөөлдөг, өөрөөр хэлбэл гол хүчин зүйл нь. Тэгэхээр рижжиочууд суралцахуй гэж юу вэ гэдгийг бидний хэрэглэж буй нэр томьёотой нэн ойролцоо, дараах байдлаар тодорхойлдог.

·         Эцсийн эцэст хүн өөрөө өөрийгөө л боловсруулдаг. Боловсрол нь өөрөө суралцсаны үр дүнд бий болдог.

·         Боловсрол бол мэдлэгээр хязгаарлагддаггүй. Өөрийгөө боловсруулна гэдэг бол мэдлэг бий болгоно, үнэлж дүгнэнэ, мэдлэгийнхээ үндсэн дээр хариуцлагатайгаар ажил үйл гүйцэтгэнэ гэсэн үг.

Сургалтын үйл явцыг зохион байгуулах

Рижжиогийн сургалт яаж зохион байгуулагддаг вэ? Ихэнх сургалтын үйл явц дараах үе шатаар явагдаж, түүнд нь дор дурдсан зарчмууд үйлчилдэг.

Үе шат:

1 дүгээр үе: Хүүхэд ба томчуудын асуулт, сонирхол бий болох

2 дугаар үе: Сургалтын материалд татагдах

3 дугаар үе: Бүтээж бий болгох (загвар, зураг...)

4 дүгээр үе: Таамаглал дэвшүүлэх

5 дугаар үе: Шийдвэрлэх арга замуудыг турших

6 дугаар үе: Амьдралд хэрэгжүүлэх

 

Зарчим:

·         Гаднаас үүсгэсэн сэдлийн оронд өөрийнх нь хүсэл, сонирхлоос үүсэх сэдэл

·         Танилцуулахын оронд хүүхэд өөрөө нээлт хийх

·         Тайлбарлахын оронд туршиж үзэх

·         Сэргээн санахын оронд ойлгох

·         Системчлэгдсэн мэдлэгийн оронд амьдралд/асуудлуудад чиглэх

·         Бүтээж бий болгоход бус үйл явцад нь анхаарах

·         Агуулгад бус суралцахуйн аргуудад төвлөрөх

Гоо зүй ба суралцахуй

Рижжиогийн сургалтын нэг онцлог нь суралцах үйл явц дахь гоо зүйн элементүүдэд онцгой анхаардаг. Энэ нь гоё сайхан бүтээгдэхүүн, хүүхдийн хувьд зураг, баримал гэх мэтээр, гаргахдаа биш юм. Энэ бол талархууштай дагалдах бүтээгдэхүүн. Зорилго бол харин өөр, өргөн хүрээтэй, тухайлбал, хүүхэд мэдрэхүйнхээ тусламжтайгаар хорвоо ертөнц рүү нэвтрэх хаалгаа олж, нээхэд оршино. Зурах, урлан бүтээх явцад хүүхдийн мэдрэхүй, тусгаж хүлээж авах үйл идэвхжиж, бүхий л мэдрэхүйн эрхтнийхээ тусламжтайгаар орчинтойгоо танилцаж, орчноо бүтээнэ. Ингэснээр хүүхэд мэдлэгээ хариуцлагатайгаар хэрэглэхүйц сургалт явагдах бөгөөд энэ нь бие хүн хөгжиж төлөвшихөд нөлөөлнө гэж үздэг. Ийнхүү рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан дахь гоо зүйн боловсрол гэсэн ухагдахуун нь сайн сайхан гэсэн утгаар бус харин үйл явцыг гоо зүйн талаас нь хардагт оршино.

Баримтжуулалт

Төсөлт ажлын зэрэгцээ “Баримтжуулалт” нь Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаанд чухал байр суурийг эзэлдэг. Энэ дотроо хоёр янз байна:

ü  Хүүхэд тус бүрийн суралцах болон хөгжлийн түүхийг бичсэн хавтас

ü  “Ярилцдаг хана” – зураг, бүтээл

Байгууллагын ханууд, заримд нь бүр шалнаас тааз хүртэл фото зураг болон хүүхдийн зурсан, хэлж ярьсан зүйлсээр дүүрэн байх бөгөөд энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааг илтгэнэ. Эндээс төсөлт ажлын үе шат бүр тодорхой харагдана. Ажиглаж танилцаж байгаа хүн тухайн үйл явцыг бүрэн дүүрэн тусгаж авахад зориулан фото зургийг “цувралаар” байрлуулсан байх нь олонтоо тааралдана.

Баримтжуулалтынхаа чанарт анхаарч, тавьж буй зүйлдээ нягт нямбай ханддаг мөн тухайн зүйлийг янз бүрээр илэрхийлэн харуулахад багагүй хичээл зүтгэл гаргадаг нь илт ажиглагддаг. Тухайлбал, бодит зүйлсийг ветрин дотор байрлуулна, түүнийхээ тухай гарын авлага бэлтгэж хэвлэж тавина, плакатаар мөн проектороор хананд харуулна, хүүхдийн зурсан зургийг тайлбартай нь тавина гэх мэт.

“Ярилцдаг хана” нь олон үүрэгтэй. Заримаас нь дурдахад түүгээр дамжуулан эцэг эх болон сонирхогч иргэд рүү гадагшаа мэдээлэл түгээнэ, үүгээрээ чөлөөт ярилцлагыг өдөөнө. Дотооддоо бол түүнээс ажиллагсад болон хүүхдүүд төсөлт ажил ямар түвшинд явж байгааг мэднэ, энэ нь ажлынхаа цаашдын алхмуудыг төлөвлөхөд тус дэм үзүүлнэ. Мөн хүүхдийн бүтээл бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгуулна, хүүхдийн хувьд бол тэдэнд өөрийнхөө чадвар, хөгжлийг мэдрэх боломж олгоно.

Томчуудын үүрэг

Орчин нөхцөл, материалууд болон төслүүд дангаараа хүүхдэд нөлөө үзүүлнэ гэж үгүй. Томчуудын хандлага, шаардагдах мэдлэг, чадварын нөлөөгөөр л тэрхүү бий болгосон боломж нөхцөл нь үр дүнгээ өгнө. Баяр баясгалан, чин зүтгэл, сониуч байдал бол Малагуццийн үзэж байгаагаар тэдний сурган хүмүүжүүлэх ажлынх нь гол хандлага. Хийж байгаа аливаа зүйлдээ сэтгэл хангалуун байх, үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандан гүйцэтгэх нь үүний суурь дэвсгэр болно.

Хүмүүжүүлэгч багшийн үйл бүр хүүхэд ямагт

өөрөө хийх, өөрөө туршлага хуримтлуулахыг нь дэмжиж байдаг.

Рижжиогийн ажиллагсад сэтгэлээрээ ажлынхаа гүнд орсон байдаг, яагаад гэвэл тэд бусдын  ямар нэг онолыг “хэрэгжүүлэгчид” биш өөрсдөө Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухааны онол, практикийг цаашид хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан оролцдог. Тэдний сурган хүмүүжүүлэх ажлын зорилго бол хүүхдийг өөрчлөхдөө бус, харин тэднийг тус бүрийнх нь онцлог, бусдаас ялгагдах байдлаар нь ойлгоход оршдог. Энэхүү хүүхдийг ойлгох гэсэн хандлага нь тэдний практик үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд энэ нь хүүхэдтэй анхааралтай, сониучаар, нээлттэй, мэдэрч ойлгож, тэсвэртэй, хүндэтгэлтэй, дарууханаар харилцахад хүргэдэг.

 

Хүмүүжүүлэгч багш бол судлаач

Багш бол томчуудын мэдээжийн ойлголт, мэдлэгийг хүүхдэд дамжуулагч биш. Харин тухайн зүйлийн талаар хүүхэдтэй хоёулаа асуултууд дэвшүүлэн хамтаараа харилцан ярилцах үйл хамгийн чухал байр суурийг эзэлнэ. Асуудлыг хоёр талаасаа хамжин судална гэсэн үг. Энэ явцад багшийн гол зорилго бол хүүхдийн бодол санаа-байдлыг олж мэдэх, тодруулахад оршино. Ингэснээр багшид хоёр чиглэлээр судалгаа хийх шаардлага тулгарна: Тухайн зүйлээ судлах, мөн хүүхдийн бодол санааг мэдэрч ойлгох. Ингэснээр багшид хүүхдийг шинэ, илүү гүнзгий мэдлэг, туршлага руу хөтлөх боломж бүрдэж, “судалгааны үйл явц”-ыг зохион байгуулах, бүтэцчилэх үүрэг бий болно. Гэхдээ энэ явцад багш хүүхдийн бодол санаа, мэдлэгийг засварлахаас зайлсхийнэ. Засварлах бол  хүүхдийн цаашдын эрэл хайгуул хийх оролдлогыг хязгаарлана. Харин тэднийг зоригжуулж, өөрийнх нь олон талын “эх үүсвэр”-ийг өдөөж идэвхжүүлж өгнө.

Багшийн үйл ажиллагаа бол ямагт хүүхэд өөрөө олж нээх, өөрөө мэдэх, өөрөө хийхийг дэмжихэд чиглэнэ. Малагуццийн хэлснээр хүүхдэд цаг зав олгох, эд зүйлсийг барьж авах, оролдож үзэх, алдаа гаргах хэрэгцээ болон багшаас шаардлагатай үед идэвхтэй оролцож, тохиолдлын зүйлсээс сэргийлэн суралцах үйлийн цагийг хэмнэн зохицуулах хэрэгцээ шаардлагын огтолцол дээр сэтгэлээ барин сониучирхан хүлээх мөчид багшийн үйл ажиллагаа явагдана. Хүүхдийн өөрийн идэвхтэй үйлийг хүлээн зөвшөөрч, түүнд нь ач холбогдол өгч,  нөлөөлөхүйц дэмжлэг үзүүлэх замаар хүүхдийн гүйцэтгэж буй үйлд багш оролцоно.

Рижжиогийн сургалтын үзэл баримтлал нь “сул дорой, үлбэгэр сургалт”-аас (Малагуццийн хэлснээр) эрс ялгаатай бөгөөд багш нар нь дараах чанарыг эзэмшсэн байна:

ü  Сониуч байж чаддаг

ü  Гайхаж чаддаг

ü  “Өдөр тутмын гайхамшиг”-т мэдрэмтгий ханддаг

ü  Нөхцөл байдал, үйл явцаа нээлттэй байлгаж чаддаг

ü  Янз бүрийн байдал, өөр зүйл, танил биш нөхцөл байдалд баяр баясгалантай байж чаддаг, тэдгээрийг аюул занал гэхээсээ өгөөжтэй хэмээн харж чаддаг

Рижжиогийн сургалт ба өнөө үеийн боловсролын хэлэлцүүлэг

Рижжиогийн сургалт нь өнөө цагийн сургуулийн өмнөх боловсролын хэлэлцүүлэгт ямар хувь нэмэр оруулж болохыг би дор сийрүүлэхийг хичээлээ. Дараах долоон санааг онцлон үзэж байна:

ü  Рижжиогийн сургалт нь ирээдүйн боловсролын ухагдахууныг хөндсөн. Тухайлбал, суралцахуйг өөрөө суралцах үйл явцаар ойлгох бөгөөд энэ нь дан мэдлэг олгохоос хамаагүй өргөн хүрээтэй.

 

ü  Энэ нь сургалт болон хүүхдийн цэцэрлэгийн тохижилт, ажиллагсад, ажлын зохион байгуулалтын харилцан хамаарал, нөлөөлөлд бий болно.  Хэн суралцахуйг өөрөө суралцах үйл явц гэдгээр ойлгоно, түүнд хэн нэгэнд урам зориг өгөх тийм орчин нөхцөл шаардагдана. Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан нь суралцах үйл явцыг өдөөсөн орчныг хэрхэн бүрдүүлэх арга замыг зааж өгсөн.

 

ü  Хүүхэд өөрөө суралцаж байгаа цагт л тэднийг сургаж болно. Энэ шаардлагыг рижжиочууд ажиллагсдаа хорвоо ертөнцийг нээлттэй, сониучирхан харж чаддаг, онолыг практикт тусган хэрэгжүүлж чаддаг болгосноор мөн тэднийг судлаачдын түвшинд авч үзсэнээр хэрэгжүүлж чадсан.

 

ü  Суралцахуй бол зөвхөн үр дүн биш, харин бас үйл явц. Рижжиогийн сургалт нь практик дээрх олон жишээг баримтжуулснаар сургалтын үйл явцыг хэрхэн бүтээлчээр зохион байгуулж болохыг харуулсан.

 

ü  Бага насны хүүхдийн суралцахуй бол дараагийн шатны суралцах үйлээс зарим онцлог ялгаатай. Рижжиогийн сургалт нь энэхүү онцлог шаардлагуудыг нээн илрүүлсэн бөгөөд тэдгээрээс гоо зүй болон аливаа үйл гүйцэтгэх элементүүдэд  төвлөрөх шаардлагыг нээн харуулсан.

 

ü  Аль нэг үйл ажиллагааны явц байдал, эрч хүчээс сургалтын нөлөөлөл хамаардаг учраас сургалтын тогтсон хэмжүүрүүдийг томьёолон тогтоохоос Рижжиогийн сургалт татгалздаг. Агуулгыг сонгоход хүүхдийн оролцоо хангагдаж байвал энэ нь сургалтын нэгэн нөлөөлөл гэж тооцон үздэг.

 

ü  Рижжиогийн сургалтаар хүүхдийг суралцах эрэлт хэрэгцээ бүхий сувьект хэмээн авч үздэг. Хүүхэд бол өөрийн гэсэн чадавхтай, өөрийн соёлоо хөгжүүлдэг нь сургалтын үйл ажиллагааны суурь нь юм. Хүүхдийн энэхүү төрх байдлыг сургалтын тодорхой үйл явцад хүүхэд тус бүр рүү буулган, харгалзан үзэж, нарийвчилдаг.   

 

Ном зүй:
Franz-Josef Brockschnieder, Reggio-Paedagogik,
Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, , s.44-49, Verlag Herder, Freiburg

Орчуулсан: Н.Норжхорлоо